Monday, June 25, 2012

Нэг сая 833 мянга 478 иргэн санал өгнө

News.mn
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгогчдын нэрийн жагсаалт эцсийн байдлаар тодорсон байна. Улсын хэмжээнд нийт нэг сая 833 мянга 478 иргэн санал өгөхөөр нэрийн жагсаалт эцэслэн гарчээ. Үүнээс нийслэлд 804 мянган 470 иргэн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх бол орон нутагт УИХ-ын сонгуульд нэг сая 29 мянга найман хүн санал өгөхөөр болжээ. Одоогийн гаргасан нэрийн жагсаалтад өөрчлөлт орохгүй бөгөөд нэрийн жагсаалтад орсон хүн санал өгөх боломжгүй тохиолдолд нэрийн жагсаалтаас хасах боломжгүй гэдгийг албаныхан хэллээ.


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчийн нэрийн жагсаалтыг давхардуулж бичсэн мэдээлэл гарч байгаа ч үүнийг гомдлын дагуу шалгаж үзсэн. Зарим тохиолдолд худал мэдээлэл байсан ч иргэд амьдралын нөхцөл шалтгааны улмаас байр, хашаагаа зараад өөр газарт шилжихдээ хорооноосоо албан ёсоор шилжүүлэг хийгээгүй байсан тохиодол ч илэрснийг албаны хүмүүс хэлэв. Мөн зарим иргэн том хашаатай бол түүнийгээ хэд хувааж, олон айлд хөлслүүлэх, зарах тохиолдол гарсан байсан, үүнийг нь тухайн хороонд нэг айлын эзэмшилд байгаа ч олон хуваасан тохиолдолд өөр өөр айлын эзэмшил болоод бүртгэгдсэн байгаа юм. Үүнийг нь тухайн хорооныхон нь айл өрхийн эзэмшлийн тоогоор бүртгээгүй байх зэрэг олон зөрчлүүд илэрсэн гэнэ.

УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр бүртгэл, нэрийн жагсаалттай холбоотой ямар нэг асуудал гарвал түүнийг нь УБЕГ хариуцлагыг нь хүлээнэ гэдгийг УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хэлэв. Гэвч нэрсийн жагсаалтаас болж сонгуульд нэг хүн хоёр санал өгөх боломжгүй, энэ бүгдийг сонгогчийн хурууны хээгээр батлах болно гэдгийг албаныхан хэлж буй.

Хуучин иргэний үнэмлэхтэй иргэдэд цахим үнэмлэх тараасан гэх мэдээлэл гарч байсан ч бүртгэлийн газрын мэргэжилтнүүд хуучин үнэмлэхийг баруун дээд буланд нь тэмдэглэгээ хийж, хүчингүй болгосны дараа цахим үнэмлэхээ авч байгаа. Цахим үнэмлэх нь тараагдсан иргэд цахим үнэмлэхээр, хуучин иргэний үнэмлэхтэй иргэд хуучин үнэмлэхээрээ саналаа өгөх юм.

Ш.ЧИМЭГ

No comments:

Post a Comment